Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ. Тэрбээр өнөө өглөө УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллах үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм. Түүний хэлснээр эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм байна.
Тэрбээр энэ сарын 10-наас 25-ныг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Хатуу хөл хорионы хугацаанд иргэн нэг дор бөөгнөрөхгүй. Гэрийнхээ ойр орчимд салхинд гарах, алхах, хөдөлгөөн хийхийг хориглохгүй. Дүүрэг хорооныхоо нутаг дэвсгэрийн хүнсний дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. Бүх хүнийг манаж, сахих боломж байхгүй. Тиймээс иргэд маань өнгөрсөн хугацаанд төрийн шийдвэрийг дэмжиж байсан шиг 15 хоногийн хугацаанд өөрсдийнхөө оролцоог хангана гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн мэдэгдэж байсан билээ.
УОК-ын Шуурхай штабын өгсөн мэдээллээр автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн байна. Цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах юм. Мөн PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болжээ. Тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэнд нь оруулна. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэлээ.
Хөл хорионы хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэсэн болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Иргэдээс 30 гомдол ирсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэний биеийн байдал хүндэрч, хүчилтөрөгчийн аппарат хүрэлцэхгүй, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлж өгөхийг хүсчээ. Энэ дагуу сахиурынх нь хамт Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн байна.
Иргэдээс ирүүлж буй гомдол, саналын дийлэнх нь эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат хүрэлцдэггүйтэй холбоотой байгаа аж. Түүнчлэн орон нутагт Covid-19-ийн нөхцөл байдал хүндхэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Тодруулбал, Дархан, Сэлэнгэ, Төв аймагт Covid-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа тул тэг зогсох арга хэмжээ авахгүй бол халдварыг барьж дийлэхгүй болохыг орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.