Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхий прокурор Уильям Барр энэ оны 2 дугаар сард мэдэгдэхдээ “АНУ болон түүний холбоотнуудын хувьд “Хуавэй” компанийн өрсөлдөгчид болох Европ дахь “Нокиа”, “Эриксон” компаниудыг санхүүгийн хувьд сонирхох хэрэгтэй” гэсэн нь 5G технологийн салбарт АНУ ямар түвшинд байгааг тодорхойлсон хэрэг байлаа.
Харин үүний дараахан нь Цагаан ордон уг хоёр компанийг худалдан авахаас татгалзсан юм. Гэхдээ Баррын мэдэгдэл нь “Хуавэй”-тэй өрсөлдөх компани Америкт байхгүй гэдгийг нотолж байна. “Хуавэй” бол үүрэн телефоны антеннууд дээр байрлах радио тоног төхөөрөмж үйлдвэрлэх талаар дэлхийд тэргүүлдэг компани юм.
Хэд хэдэн удаа бүтэлгүй оролдлого хийсний дараа Америкийн “Lucent”, “Motorolа” компаниудын үлдэгдэл хувьцааг Финландын “Нокиа” болон Шведийн “Эриксон” компаниуд худалдан авав. Скандинавын энэ хоёр компани “Хуавэй”-тэй өрсөлдөх явцад алдагдал хүлээж, ажилтнуудаа халахаас аргагүйд хүрч байлаа. Харин Хятадын компани тэргүүний технологи ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хямд үнээр борлуулснаар Европын хоёр компанийн зах зээлийн орон зайг нь бараг бүрэн эзэлжээ.
Гэхдээ 5G технологийн салбарт хүчтэй өрсөлдөж чадах хэд хэдэн компани АНУ-д бий. Тухайлбал, Cisco Systems бол рүүтэр болон үүрэн телефоны тоног төхөөрөмжийн холбох хэрэгслийг үйлдвэрлэгч хамгийн том компани. Мөн үүрэн телефоны технологийн патентуудыг эзэмшдэг Qualcomm, InterDigital зэрэг компанийг дурдаж болно.
Гэвч Америкийн компаниудын эзэлж буй зах зээл нь төдийлөн том биш бөгөөд “Хуавэй” ч мөн адил тухайн зах зээлд байр сууриа нэгэнт эзэлчихсэн байгаа. Хятадын компанийн 5G сүлжээнд оруулж буй хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь үүрэн телефоны тоног төхөөрөмж /радиостанц/ зохион бүтээхэд зарцуулагдаж байгаа учраас уг зах зээлд “Хуавэй” давамгайлж байгаа юм.
“Хуавэй” компани хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжийг маш богино хугацаанд үйлдвэрлэж чадна. Энэ нь Хятад улс 5G сүлжээний зах зээлд маш хурдтай нэвтрэх, тус улсад 5G-д тулгуурласан шинэ технологиудыг /жишээ нь, жолоочгүй автомашин/ гарган авах зорилгоор лабораториуд байгуулахад тус дөхөм болжээ. Үүний сацуу радио долгионы давтамжийн царааг /диапазон/ хязгаарласан нь Америкийн 5G сүлжээг нэвтрүүлэх явцыг удаашруулсан байна.
Гэсэн хэдий ч 5G технологийн өрсөлдөөнд Хятад улс ялж байна гэж дүгнэх нь эртдэх болов уу. Учир нь, үүрэн телефоны тоног төхөөрөмж, ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн салбарт “Хуавэй”-гийн давамгайллыг сулруулах арга хэрэгслүүд Вашингтонд бий гэдгийг тооцох хэрэгтэй. Тодруулбал, “Gavekal Dragonomics” гэдэг судалгааны төвийн Бээжин дэх салбарын шинжээч Дань Ван-ын ярьснаар “Вашингтон дахь Холбооны албад “Хуавэй”-гийн эсрэг хоригийг чангатгах тухай асуудлыг хэлэлцэж байгаа” ажээ.
Гэсэн хэдий ч 5G сүлжээний технологийн салбарт Хятад улс давуу байдлыг нэгэнт олж авчээ.