Өчигдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн.
Тус хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэн, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзсан юм.
Ингэснээр С.Эрдэнийн болон Ц.Тувааны гэсэн хоёр АН хэвээр үлдлээ. Үнэндээ бол С.Эрдэнийн ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ц.Тувааны ард одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа нь бүр өнгөрсөн оны төгсгөлд хоёр хуваагдах үеэс тодорхой болсон зүйл.
Энэ долоо хоногт багтан УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах тухай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт бий. Тиймээс АН-аас хоёр хуваагдсан талууд тус тусдаа нэр дэвшигчээ тодруулах уу, эсэхүл нэгдэж нэг нэр дэвшигч тодруулах уу хэмээх хоёр сонголт бий. Хоёр нэр дэвшигч тодорвол АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болно.Тиймээс АН-ын гишүүд гарц хайх замыг сонгож байна.
Ц.Тувааны АН-ын сунгаагаар намын даргаар тодорсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өчигдөр энэ тухай тайлбар хийж, өнөөдөр АН-ын анхны байранд уулзалт зохион байгуулна гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ үндсэн байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж байна. 2021.04.28 буюу лхагва гаригийн 12.00 цагт. Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө. (Урилгыг албан бичгээр явуулах болно)” гэсэн юм.
Гэхдээ энэ удаагийн Зөвлөлдөх уулзалт нь амжилтгүй болвол АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй болно. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаандаа өрсөлдөхөөр Ц.Тувааны намаас Р.Амаржаргал албан ёсоор Н.Алтанхуяг, З.Энхболд нар зарлалгүйгээр горилж байгаа гэх. Харин С.Эрдэнийн АН-аас Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай нар албан ёсоор өрсөлдөхөө зарлаад байна.
Тэгвэл Х.Тэмүжин, Н.Гантөмөр нарт ч Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүсэл бий гэлцэж байгаа. Үүний тулд хоёр АН өнөө, маргаашдаа тохиролцох шаардлагатай болоод байна.