Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Их Хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Монгол ардын нам төрийн дээр заларч, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудыг эрхшээн захирч, дарамтлан дарангуйлах замаар Үндсэн хуульт ёсыг эвдэх, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, бусниулах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн нэн зохисгүй, увайгүй, туйлын ноцтой, Монголын ард түмнийг илэрхий басамжлан доромжилсон үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь өдрөөс өдөрт ил болж, энэ бусармаг явдлыг Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн хуульчлан баталгаажуулж, Монгол төрийн үнэлэмжийг алдагдуулж, Монгол Улсыг дэлхий нийтийн өмнө гутаан, нэн гутамшигтай байдалд оруулж байгаад харамсаж байна.
Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байсан Д.Одбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн нэгжийн даргаар ажиллаж байсан Г.Туулхүү, Монгол ардын намын захиалгаар томилогдсон Ж.Эрдэнэбулган, Монгол ардын намд удаа дараа үйлчилж, манах ёстой Үндсэн хуулиа илэрхий зөрчин, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг маргаан болгосон Д.Солонго нараас бүрдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд, мөн л Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн даргаар томилогдон ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын хууль бус дэмжлэг, оролцоотойгоор өнгөрсөн гучин жилийн хугацаанд тохиолдож байгаагүй, Монгол Улсын иргэний үндсэн эрхийн Үндсэн хуулийн баталгааг алдагдуулсан захиалгат шийдвэрийг гаргаж, Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн намын даргынхаа захиалсан шийдвэрийг хүлээн авч баталгаажуулсан бөгөөд одоо хууль болгож байна.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуульд огт нийцэхгүй, нэг хүнд зориулсан шийдвэр болсон, тодруулбал Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж дурдсан байдаг.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн.
Гэтэл Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, Монгол ардын намын захиалсан шийдвэрийг ичгүүргүйгээр гаргасан бөгөөд энэ нь Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг илэрхий зөрчин гажуудуулж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга гэдэг хүн “дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн гаж хууль гаргах, цаашид ийм коммунист байдлаар хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлж, жишиг тогтоож өглөө.
Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн та бүхэн намын даргынхаа үүрэг, даалгаврыг бүрэн биелүүлж, шаардлага зорилгыг нь гүйцэлдүүлсэн. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг батлан хамгаалж байдаг Үндсэн хуулийг, Үндсэн хуульт ёсыг эвдэн бусниулах үйл ажиллагаагаа зогсоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаас хуулиа мөрдөж, сахин биелүүлэхийг шаардаж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хоригийг тавьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна.
Энэхүү хоригийг зохих хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.