Харамсалтайгаар амиа алдаж буй бяцхан зүрхний төлөө эцэг, эхчүүд, тэр ч байтугай аавууд нэгдэн төр, засагт дуу хоолойгоо хүргэхээр өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд цугларсан юм. “Энэхүү “Хүүхдүүдээ аваръя” жагсаалыг хэсэг ээжүүд санаачлан зохион байгуулсан ч ТББ, эцэг, эхийн төлөөлөл нэмэгдэн хүрээгээ тэлсээр олон мянган хүнийг хамарсан юм. Тэд энэ үеэрээ “Аз жаргалтай хот”-ын удирдлагуудтай уулзан, санал бодлоо хэлэхийг хүссэн ч тэдний үгийг сонсох нь бүү хэл цагдаагийн хүчээр хөөж туун, сүрийг үзүүлэв. Балчир үрс нь ойр дотны нэгнийхээ гарт, эсвэл гадаа тоглож байгаад тогонд цохиулах зэргээр харамсалтайгаар хорвоог орхиж байхад энэ талаар дуугарах гэсэн, төр, засагт үгээ хэлэх гэсэн ээжүүд, эхчүүдийн дуу хоолойг боомилох гэж оролдохын учир юу вэ. Нийслэлийн удирдлагууд хүүхэд хамгааллын талд юу хийв. Төсөвт нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулахаас гадна хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд найман тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Гэтэл тэд бяцхан хүүхдүүдээ хамгаалахын тулд ямар ажил зохион байгуулснаа тайлагнах нь бүү хэл өөрсдийнхөө гадаадад зугаалах зардалд 117 саяыг төсөвлөж сууна. Ирээдүй хойч үрсийнхээ төлөө, тэднийгээ аюулгүй, эрсдэлгүй орчинд аз жаргалтайгаар амьдруулахын төлөө ээжүүд, эмэгтэйчүүд, аавууд ч нэгдэн дуугарах болно. Тэдний дуу хоолойг боомилох эрх хэнд ч ялангуяа төр, засагт байхгүй юм.